Showing posts with label Эргэцүүлэл. Show all posts
Showing posts with label Эргэцүүлэл. Show all posts

Monday, September 26, 2011

Жолооны курст

Ингэж нэг төлбөрийн мөнгө олж жолооны курст ч суудаг юм байж. Жолооны үнэмлэхтэй болно гэдэг чинь машинтай болоход нилээн том алхмаар ойртлоо гэсэн үг. Энэ бол том ажил. Үгүй ядаж хэн нэгний машиныг гуйж нэг тойрч ирэх эрхтэй болно шүү дээ. Болохгүй юм ерөөс байхгүй. Гэхдээ одоогоор зөвхөн сургалтандаа сууж, дадлагажиж байгаа ч юм шиг яваад байгаа болохоос шалгалтандаа тэнцэж, жолооч болох эсэхээ ёстой бүү мэд. Өгөөмөр зан нь хөдөлвөл эзэн нь хичээгээгүй ч заяа нь хичээх биз ээ.
Зарим мэддэг ч юм шиг энгийн зүйлүүд хэлэхгүй л бол анзаарагддаггүй. Манай багшийн ийн ярьсан нь надад их таалагдлаа.
"...Зам дээрхи тусгаарлах зурвасын үүрэг гүйцэтгэгч хашаануудыг ямар учраас барьсаныг ойлгохгүй юм. Магадгүй ЗГ-ын эсвэл ИХ-ын нэг нөхрийн хамсаатан нь хашааны бизнес эрхэлдэг байлгүй. Манайхан дүрэм журмыг огт тоодоггүй дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг сонин улсууд. Будгийн наймаа ашигтай санагдвал замын ирмэг ч юм уу, тэмдгүүдийг эсвэл уулзварыг дүрэм ёсны өнгө үү, үгүй юү хамаагүй уран зураг зурж байгаа юм шиг л будаад хаячихна.
Энэ хашааг одоо юу гэж ойлгох вэ? Хүн бусад амьтнаас оюун ухаанаараа, сэтгэж чаддагаараа ялгарна. Гэтэл манайд яажийна, хүнийг мал шиг хашаанд хорьж, хүчээр журамд оруулжийна. Эсвэл манай ард иргэд үнэхээр тийм арга хэмжээ авахаас наашгүй юм болов уу?
Эндээс хүүхдүүд ямар сургамж авах вэ? Зам хөндлөн гарахдаа явган хүний гарцаар биш "хашааны завсраар" гардаг юм байна гэсэн ойлголт авна.
...Эцэг эхчүүд хүүхдээ машины урьд талын суудал дээр авч суудаг нь маш буруу. Хүн ямар нэгэн гэнэтийн аюул тулгарахад далд ухамсраасаа өгсөн дохионы дагуу хамгийн түрүүнд өөрийгөө хамгаалах арга хэмжээ авдаг учраас хүүхдээ хамгаалах биш, харин ч бамбай болгон барьчихна. Тийм учраас хүүхдээ хойд талын суудалд суулгаж байгаарай...
... Хаана ч байхгүй нэр томъёонууд бий болжээ. "Нүхэн гарц" ч гэнэ үү? Анх нэг сэтгүүлч нэрийг нь мэддэггүй болохоор зурагтаар нүхэн гарц гэж ярьсан юм байна л даа. Тэрнээс хойш бүгд тэгж нэрлэсэн, хотын дарга хүртэл ярилцлага өгөхдөө нүхэн гарц гэсэн зогсжийлээ. "Нүхэн гарц" биш "Явган хүний гарам" гэж нэрлэдэг юм шүү дээ..."
Багшийн энэ зөвлөгөөг л хүргэхийг зорилоо. Сонссон сайн зүйлээ бусдад хүргэх нь сонсогчийн үүрэг ээ гэж.

Бие дааж програмчлал сурах

Нэг уншигчийн маань бие дааж програмчлал сурах боломжтой юу, боломжтой бол ямар арга байж болох талаар зөвлөгөө өгөөч гэсэн хүсэлтийн дагуу энэ бичлэгээ тавилаа.

Програмчлалын хэл сурч, программист болох нь ямар нэгэн хэрэглээний програм дээр ажиллаж сурахаас өөр ойлголт бөгөөд суралцагчаас ихээхэн хүчин чармайлт, мэдлэг чадвар шаардна. Гэхдээ боломжгүй, хүршгүй оргил бас биш. Харин Билл Гэйтс (Microsoft) ч юм уу Ларри Пэйж эсвэл Сергей Брин (Google) шиг болох гэвэл бас өөр асуулт л даа. Магадгүй төрөлхийн техникийн онцгой ухаантай, тийм хүн болох гэж заяагдсан хүмүүс л тийм амжилтанд хүрдэг байх. Энэ нь үнэмшилтэй сонсогдож байгаа ч үнэн хэрэгтээ хүн болгон л цагаан цаас шиг төрдгийг хэн хэнгүй л мэднэ. Генээс хамаарч болдог ч Bill Gates өмгөөлөгчийн гэр бүлээс, Steve Jobs (Apple) улс төрчийн гэр бүлээс гаралтайг та бүхэн мэдэх биз ээ. Эндээс харахад хэний хэн болж төрснөөс үл хамааран IT-ийн хувьсгал хийх боломж хэн хэнд ч байгаа мэт горьдлого төрж байгаа биз? Тийм ээ, энэ бол боломжтой. Би түүнд итгэдэг.
Програмчлал сурахад зайшлгүй шаардлагатай зүйл бол математик. Хэрэв таны математикийн мэдлэг муу аваас программист болох боломж хаалттай л гэсэн үг. Учир нь програм бичихэд асуудлыг зөв томъёолж, шийдвэрлэх нь хамгийн гол асуудал юм. Дараагийн мэдэх ёстой зүйл бол мэдээж англи хэл. Монгол хэл дээр бичигдсэн програмчлал, IT-ын ном, сурах бичиг, материал маш ховор учраас англи хэл дээрхи материал ашиглахаас өөр гарцгүй. Англи хэлийг хэр зэрэг сайн мэдэх нь таны мэдлэгт төдий чинээ тус нэмэр болдог нь тодорхой. Гэвч ядаж л Гүүглээс англиар асууж чаддаг түвшний англи хэлтэй байхад програмчлалын хэлнүүдйиг судалж сурахад асуудалгүй. Хамгийн гол нь IT-ийн салбар нь бусад салбарыг бодвол сонирхолтой бас хөгжилтэй.
Бие дааж судлахад илүү их зүйл толгойдоо бат хоногшиж үлддэг ч анхан шатны мэдлэгийг багшийн тусламжтайгаар олж авах нь цаг хугацааны хувьд хэмнэлттэйгээс гадна ихээхэн үр дүнтэй байдаг. Надад тохиолдож байсан л даа. (Хэдэн долоо хоног судалж учрыг нь олоогүй зүйлийг хоёрхон цаг заалгахад мэдэж авч байсан удаа.)
Програмчлал сурах алхмуудыг дараалуулан бичвэл:
- Математик - Англи хэл - Алгоритмчлал - Доод түвшний програмчлалын хэл(Pascal, C/C++ дээр бодлого бодох) - Дээд түвшний програмчлалын хэл/технологи(Java, C#, VB, PHP, Өгөгдлийн сан удирдах системүүд: MySQL, MS SQL, Oracle г.м)
Энэ миний хувийн бодол л доо. Гэхдээ олон хүн үүнтэй санал нийлнэ. Юу хэлснээс хэн хэлсэн нь чухал байдаг боловч програмчлал сурахыг хүсэгч танд энэхүү зөвлөгөө маань хэрэг болно гэж найдаж байна.
Дараах сайтуудыг ашиглаарай
www.java2s.com
www.codeproject.com
www.roseindia.net
www.oracle.com
www.lynda.com
www.coder.mn

Saturday, January 1, 2011

Төлөвлөгөө...

Шинэ оны мэнд хүргэе! Бүх жилийн турш хаппи байж, амжилт бүтээлд дарагдаарай гэж хүсэн ерөөе!
Миний хувьд шинэ жилийн баярыг архи тамхигүй маш гоё тэмдэглэлээ. (Тамхи гэдэг нь наргиа шүү, яснаасаа дургүй) Архи пивогүй. Архи пиво нтр баярын өнгө оруулдаг ч хэрэглэхгүй байвал илүү үр дагавартай байдаг юм байна. Дараа дараагийн баяруудыг дандаа шинэ жилээ тэмдэглэсэн шиг тэмдэглэнэ ээ. Өнгөрсөн онд юу хийж бүтээснээ, алдаа оноогоо нэг дүгнэж үзлээ. Сургууль төсөх, ажилд орох гээд л олон чухал үйл явдлууд болж өнгөрчээ. Алдаа оноо ч их байна. Том алдаа гэвэл төлөвлөгөөгүй тухайн үед хиймээр санагдсан юмаа хийдэг минь буруу байжээ. Одоо нарийн төлөвлөгөө гаргаж, хатуу баримталж ажиллана аа. Миний төлөвлөгөөнд ороогүй л бол ямар ч процесс байсан хойшлогдож, хүлээлэлтийн төлөвд орно гэсэн үг. Хэрэв та над шиг төлөвлөгөөгүй ажилладаг байсан бол одоо төлөвлөгөө гаргаарай гэж зөвлөе. Амжилтанд хүрэх нэг чухал алхам шүү.
Би 2011 оныг "Инглиш жил" болгон зарлалаа.
Өдөр өнгөрөх тусам цаг хугацааны үнэ цэнэ мэдрэгдсээр..

Saturday, November 27, 2010

Толгой хүрэхгүй нь

Би нэг юмны учрыг хамгаас илүү олж чадахгүй байна. Мэргэжлийн гэмээр хүмүүсээс асуугаад ч олигтой хариулт сонссонгүй. Эсвэл би зөвхөн өөрийнхөөрөө зүтгэдэг зөрүүд зангаасаа болж тэдний зөв, оновчтой тайлбарыг нь үгүйсгэдэг юм болов уу? Надад лав тэдний тайлбар нь сэтгэцийн өвчтэй хүнд тайлбар хийж байгаа мэт л санагддаг. Тухайлбал, "Байхгүй юм гэж байхгүй байгаа юмыг хэлнэ" гэсэнтэй утгын хувьд адилхан, шал утгагүй зүйрлэлүүд. Энэ ямар асуудал вэ гэхээр мэдээж учир битүүлэг шашинтай холбоотой асуудал. Ихэнх шашинд бурхан гэсэн ойлголт байдаг ба бурхныг ертөнцийн эзэн, бүхнийг бүтээгч бас бүхнийг устгагч гэж үздэг. Исламын шашинд энэ нь цорын ганц бурхан болох Аллах гэсэн ойлголтоор илэрхийлэгдэнэ. Дээр дурьдсанчлан Аллахын хүч чадал нь хязгааргүй бөгөөд бүхнийг өөрчилж чадна. Гол асуудал маань аливаа юмыг бүтээхэд, устгахад, өөрчлөхөд бодит хүч заавал үйлчлэх хэрэгтэй. Хийсвэр юмыг хийсвэрээр өөрчилж болдог ч бодит биетийг бол хүч үйлчлэхгүйгээр өөрчлөх боломжгүй. Жишээлбэл, Аллах хүн бүтээхээр шийдлээ гэж үзье. Хязгааргүй их хүч, чадалтай учраас амархан бүтээчих л байх. Харин яаж? Аллахыг "Хүн бүт" гэж хэлэхэд нь хүн бүтдэг бол Аллахын хүслийг биелүүлэгч бас хэн нэгэн байж таараа. Энэ нь Аллах цорын ганц, бүхнийг чадна гэдэгт харшилна. Эсрэг тохиолдолд аливаа юмыг гараараа бүтээх болж таарч байна. Үүний тулд материал бас зохион бүтээх чадвар хэрэгтэй :). Биеийг нь хийчлээ гэхэд амь оруулах гэсэн төвөгтэй ажил байгаа. Амь оруулах бол гараараа хийж чадах зүйл бол ёстой биш. "Амь ор" гэж хэлэхэд нь амь орвол бас л хүсэл биелүүлэгч хэрэг болж, төгсгөлгүй давталт руу орно. Би харин энэ давталтаас гарч чадахгүй л явна. Эсвэл миний толгой хүрэх зүйл биш юм болов уу?
Би хувьдаа Аллах эзэнд итгэдэг л дээ. Итгэх үндэслэл ч олон байгаа. Хамгийн бодит жишээ гэвэл жилийн өмнө Дагестанд Али Якубов хэмээх 9 сартай хүүхдийн биенд "Аллах... " гэсэн Араб үсгээр бичигдсэн үгнүүд бий болсон нтр.
Аллахын хүч, чадалт итгэхгүй байх бол Исламын шашин ёсоор маш том уучлашгүй нүгэл. Хэрэв энэ үнэн л бол би там руу bye bye...
Али Якубовын товчхон бичлэг


Sunday, November 21, 2010

Хайрын хөгжил

40 орчим насны нутгийн нэг ахтай янз бүрийн юм ярьж суулаа. Ярианы сэдэв аяндаа хайр дурлал, гэр бүл рүү шилжин орж, ах маань өөрийн хайрын түүхээсээ хуваалцлаа.
"... Ах нь 20 орчим насандаа үеийн нэг охинтой танилцав. Тэр үед ямар утас байгаа биш захидал солилцож сар орчим хугацаа өнгөрлөө. Захидал маань 100% хайрын мөртүүд. Өөрсдөө зохиож бичсэн нэг ч юм алга, ном нтр-ээс хуулж, цээжилж авсан мөртүүд. Одоогийнх шиг олон жилийн турш үерхэж найзлах, хамтран амьдрах зэрэг нь зүүдэнд ч ордоггүй. 2-3 удаа уулзлуу яалаа. Сарын дараа эцэг эх маань бэр гуйж, хуримаа хийлээ. Хурим найр шөнөжингөө үргэлжилж үүр ч цайлаа. Нэгэнт гэр бүл болсон хойно хамт унтах нь ойлгомжтой. Нар жаргах дөхөх тусам энэ л миний сэтгэлийг хамгаас их зовоолоо. Аав ээжээсээ өөр хүний өвөрт орж үзээгүй хүн айлын охинтой яаж хамт унтах билээ дээ? Би хичнээн ичиж зовсон ч жам ёсоороо орой болж, бүгдээрээ оронд орцгоолоо. Аргагүйн эрхэнд нэг оронд орж л таарлаа. Эхнэр бид хоёр 3 шөнө юу ч ярилгүй бие биенээсээ ичиж, 2 тийшээ харж унтлаа. Дөрөвдөх өдрөөс бага сага юм ярьж, сарын дараа л эхнэр нөхөр шиг харилцаатай болж билээ.
Харин одоогийн хүүхдүүд 4-5-р ангидаа л анхны хайртайгаа учирч, үерхэж, найзалдаг болсон байна. Хүүхдүүдийн үерхэл ч яахав, оюутан залуучуудын маань хайр нь “Мессеж эсвэл Чаат-> Уулзана -> Кафе -> Пиво -> Буудал -> Үргэлжилнэ эсвэл Сална” гэсэн дараалалтай болжээ. Бас хамтран амьдрагч ч гэнэ үү тестийн гэр бүл маягийн харилцаа моодонд оржээ. Хөгжил хөгжил гэхэд хэтэрхий хөгжөөд байгаа юм уу даа...” гэж гомдолтой инээмсэглэн бидэн рүү харлаа.

Sunday, November 7, 2010

Ухаарал

Зиак цаг ч нилээн оройтчихжоо (Энд нийтлэгдсэн огноог харуулж байгаа цаг серверийн цаг шүү). Шар шувуу болооод ч удаж байх шив. Бүр 5-6-р ангиас л өдөржингөө теннис, ПиСи тоглоод шөнжингөө хичээлээ хийдэг байлаа. Тэр шөнийн амьдрал оюутны 4 жилийг үдэж, одоо ч яг хэвээрээ үргэлжилсээр. Нам гүм, харанхуй орчинд анхаарал сайн төвлөрдөг болоод ч тэр үү, ер нь шөнө юм хийх миний хувьд өдрийг бодвол илүү үр бүтээлтэй байдаг. Тэгээд ч харанхуй болох тусам юм хийх сонирхол хөдлөнө. Өдөр жаахан нойр хүрч, манарахыг эс тооцвол шөнө хичээл, ажил ч юм уу өөр сонирхолтой юмаа хийж суух ч сайхан шүү. Гэвч бүх юм санасанаар болдоггүй, бага унтсанаас болж хорт хавдар үүснэ, дархлаа муудана, хөгширөлт хурдан явагдана ч гэнэ үү олон хор уршигтай юм гэнэ. Тэр ч үнэн бололтой сүүлийн үед миний антивирус суларч, ханиад их хүрдэг болсон. Бас нүд өвдөнө, юманд хурдан уурлана, ер нь л миний системийн файлууд устаж гэмтээд, ажиллагаа нь хэвийн биш болоод байх шиг. Шөнийн амьдралтай болох нь мэргэжилтэй ч холбоотой болов уу даа. Хараад байх нь ээ манай мэргэжлийнхэн ихэнх нь л шөнийн хэдэн цаг хүртэл ПиСи-гээ ухаж, матийнхан тоотой ноцолдоно, харин зарим бусад мэргэжлийнхэн тайван унтаж амарна. Манай нэгэн багш "Залуу хүнийг мэдлэг чимдэг ч, эрүүл мэндээ бодохгүй бол болохгүй шүү" гэж хэлдэг нь гэнэт санаанд орлоо. Нойр их хүрээд байгаа болохоор ч юм уу, эрүүл мэндээ бодмоор санагдчлаа. Маргаашнаас эхэлж өдөр ажлаа амжуулж, шөнө эрт унтахыг өөртөө даалгалаа. Харин мессенжер нтр-д орохгүй байсан ч ер нь яадаг юм... Надтай ижил төстэй хүмүүст хандаж хэлэхэд "жаахан ч гэсэн их унтаж байгаарай" гэж зөвлөе!

Saturday, October 23, 2010

Сүйрэл рүү

Хувь хүн төдийгүй улс орны хөгжил дэвшлийн гол хүчин зүйл эрдэм мэдлэг билээ. Харин боловсрол бол уг эрдмийг зааж сургах процесс гэдгийг хэн хүнгүй мэднэ. Баян чинээлэг, эрх мэдэлтэй, нэр төртэй амьдрахыг хүсдэггүй хүн нэг ч байхгүй. Харин энэ бүхэн боловсролоос хамааралтай гэдгийг эрүүл ухаантай хүн болгон ухаардаг байх.
Алт, мөнгийг уул мэт овооловч
"А" үсэг сурсанд хүрэхгүй ээ гэж.
Боловсролын талаар бодож, санаа зовж явдаг зүйлүүдээ бичмээр санагдаж, ийнхүү блогдоо тэмдэглэж сууна. Гэвч Монголын улсын боловсролын талаар биш, "сүйрэл" рүү явж байгаа төрөлх аймаг, сумынхаа боловсролын талаар. Магадгүй таны нутгийн нөхцөл байдалтай адилхан ч юм бил үү.
Манай аймаг Төгсөлтийн Ерөнхий Шалгалтын "Хамгийн муу үзүүлэлт" номинацийн төлөө өрсөлдөж, дундаж дүнгээрээ сүүлийн хэдэн жил дараалан улсд тэргүүлж, жил өнгөрөх тусам амжилтаа баталснаар зогсохгүй, улам л ахиулж олны танил болоод байгаа билээ. Энэ амжилтаас гадна арга хэмжээ авч, залруулмаар дутагдлууд тоолж баршгүй...
Намайг анх хичээлд орохдоо багш нар нь мэдлэг, туршлагатай, сурагчид нь жигд онц болон сайн сурлагатай, дарга нь дарга шиг, бүх юм байх ёстойгоороо байлаа. Жил өнгөрөх тусам "улс төржилт, туйлшрал"-ын улмаас бүх юм хувиран өөрчлөгдөж, бууран доройтсоор.
Манай аймагт найман настай балчраас наян настай буурал хүртэл улс төрөөр амьсгалж, гэр бүл, эхнэр нөхөр, хамаатан садан, хөршүүд, байгууллага хамт олны харилцаанаас авахуулаад ажил хэрэг, үүрэг хариуцлага, соёл урлаг, худалдаа наймаа гээд бүх зүйл улс төрөөс хамаарч байна. Ажилд орохдоо мэдлэг чадвар нь биш өөрийнх нь болон ар гэрийнхний намын үзэл бодол нь хамгийн гол шалгуур болно. Сонгууль дөхөх тусам энэ шалгуурыг давж л байвал ажлын байр нь бэлэн гэсэн үг. Харин энэ шаардлагыг хангадаггүй нэг нь ажлаа хийж чадаагүй мэтээр нэрлэгдсэн шалтгаанаар ажлаасаа хөөгдөж таараа. Үүний улмаас сургуулиуд мэдлэг, чадваргүй хатуухан хэлбэл бичиг үсэгт ч тайлагдаагүй багш нараар дүүрлээ. Ийм багшаар хичээл заалгасан сурагчид юу л болох бол.
Бүх төрийн албан хагчдыг намаас чөллөө, аттестатчлал явууллаа. Энэ нь зөв санаачлага, цагаа олсон арга хэмжээ боловч яг үнэндээ ямар ч өөрчлөлт гараагүй. Хэдхэн мянган хүн амтай сумын хувьд хэн нь ямар намыг дэмждгийг нь мэдэхэд намын үнэмлэхийн ямар ч шаардлага үгүй. Сумын засаг дарга аль намынх байна, тус сумын байгууллаггуудын бүх дарга, ихэнх албан хагчид тэр намынх байна гэсэн үг. Сумын засаг дарга нарт дээрээсээ "мөнгө тараах" хэмжээний л эрх олгож байхад, өөрсдөө эзэн хаан шиг сүр бадрааж, сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудыг өөрийнхөө эрх ашгийг хамгаалах хэрэгсэл болгож яваа бол, захирал мэтийн албан тушаалтнууд тархигүй хүн буюу засаг даргын virtual роботын үүрэг гүйцэтгэж, ард иргэд нь улс төрөөс өөр бодож санах юмгүй, хүүхдээ ч хүмүүжүүлэх, боловсролд нь анхаарах цаг завгүй амьдрана. Энэ шударга бус байдлыг эсэргүүцгчид, сөрөг хүчнийх нь ч мэдээж байгаа. Гэвч гэр бүлээ тэжээхийн тулд "Сохрын газар сохор, ... " гэгчээр орчиндоо дасан зохицно, эс тэгвээс цөллөгдөнө. Харин эрхэм "ихэр гурван" гишүүн маань үүрэг хариуцлагаа ч ухаарч амжаагүй яваад байх шиг.
Энэ бүхний үр дүнд боловсрол, боловсролыг дагаж ирээдүй сүйрэл рүү...

(Төрөлх нутгаа муулъя гэж биш, бусдад уриалж, хувь нэмрээ оруулцгаая, сэрцгээе гэж л үүнийг бичлээ. Үнэн үг ямагт гашуун байдаг аа гэж)

Wednesday, October 20, 2010

Намайг үнэхээр орхиод явлаа гэж үү?!

Программист хүний хувьд файлуудаас нь илүү нандин, үнэтэй зүйл гэж байхгүй байх. Миний хувьд лав тийм. Project-үүд алт, class-ууд мөнгө шиг л... JAR, EXE, SQL файл гээд бүгд эрдэнэсүүд. Манай улсд ч IT сайн хөгжөөгүй болохоор хүмүүс сайн ойлгохгүй л байх. Файлын үнэ цэнэ байтугай программист гэж ямар мэргэжилтэн, юу хийдгийг нь мэддэг хүн ч ховор бололтой. Хөдөө орон нутгийн малчдыг бүү хэл хотын оюутнууд, сэхээтнүүд хүртэл программист гэж юу юм, юу хийдэг юм бэ? гэж асуугаад байдаг нь гутармаар ч юм шиг. Ихэнх хүмүүсийн төсөөлөлд программист гэхээр Word-ист, Excel-ист, Photoshop-ист эсвэл компьютерийн засварчин мэт дүр зураг байдаг. Надаас олон хүн яг ингэж асуудаг. Би ойлгуулах гээд хичнээн хичээдэг ч ямар ч үр дүн гардаггүй. Би ажлаасаа голдуу 8, 9 гэж харьдаг юм л даа. Хүмүүс тэгээд "Ийм орой болтол юу хийдэг юм бэ, бичих юм(Word, Excle дээр) тийм их байгаа юм уу?" гэж асуухаар ямар их уур хүрдэг гээч. Хэлэх үг ч олддоггүй. Би мэргэжилдээ, бас ажилдаа маш их дуртай болохоор ч юм уу, надад энэ хорвоод программистаас сайн мэргэжил байхгүй юм шиг санагддаг. Их ажиллана, ачаалал ихтэй, ажлаа амждаггүй, гэр бүл, найз нөхөддөө цаг гаргаж чадахгүй, цалин ч их биш, гэхдээ л би ажилдаа хайртай. Ингэхэд миний ажил танд уйтгартай, хийхээргүй муу ажил мэт санагдсан уу? Огт үгүй шүү. Давуу тал нь бүр ч их. Сайхан хамт олон, тохитой орчин, юм сурах боломж, ажлын кайф гээд л...
Бичих гэж байсан сэдвээсээ бүр холдоод явчихжээ. Устсан файлдаа буцаад оръё. Өчигдөр нэг бүтэлгүй өдөр байлаа. Ер нь миний хувьд зарим өдрүүд тэр чигээрээ бүтэлгүй байдаг. Гэхдээ Exception шиг хааяа л тохиолддог байсан юм даг. Сүүлийн үед харин бүтэлгүйдлийн цикль хурдан давтагдаад ч байх шиг. Хамаг бие даалт, курсын ажил, дадлагын тайлан, хичээллүүд, ном лекцүүд, дуу, кино клип, бусад цуглуулсан материалууд, хөгжүүлэлт хийгдэж байгаа программууд гээд л бүх юмаа устгуулчлаа. Хугацаа нь дөхөж байгаа маш чухал нэгэн Project бас бусад найзуудын хамт хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрээр компаний Project учраас намайг, миний ажлыг, миний файлуудыг хамгийн сайн ойлгодог хүнд албаар устгуулсанд хичнээн хармсаад ч буцаж ирэхгүй болохоор шөнөжингөө сууж арай гэж дөхүүллээ. Харин одоо нойр хүрээд ажлаа түр завсарлуулаад тэмдэглэл хөтөлж сууна. Эцэст нь хэлэхэд энийг хэнд ч биш зөвхөн өөртөө л зориулж бичлээ.

Sunday, February 15, 2009

Анхны бичлэг

Сайн байна уу! Миний энэхүү өчүүхэн тэмдэглэлийг үзэж байгаа танд энэ өдрийн мэндийг хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Чөлөөт цагаараа блог хөтөлж, үзсэн сонссоноо, сурч мэдсэнээ бусадтай хуваалцах надад их таалагддаг. (Яг үнэндээ чөлөөт цаг бараг байдаггүй л дээ, ажлаасаа уйдах ч юм уу, жаахан сэтгэл санаа тавгүй үед блогдож, өөрийгөө хөгжөөнө.) Дуртай юмаа хийхийн зэрэгцээ Програм хангамж, Мэдээллийн технолгийн чиглэлийн оюутнуудад, бусад IT сонирхдог хүмүүст эх хэл дээрхи мэдээллээр бага ч гэсэн тус хүргэх нь миний блог хөтөлж байгаа бас нэг шалтгаан юм. Миний бичсэн зүйлүүд танд маш энгийн, сонирхолгүй эсвэл шал хэрэггүй юм мэт санагдаж магадгүй, гэвч өөр нэгэнд үнэтэй мэдээлэл миний блогоос олдоно гэж найдаж байна.
2 жилийн өмнө блог хөтөлмөөр санагдаж Blogger-т бүртгүүлчихээд, яагаад ч юм илүү таалагдаад байхаар нь Банжиг дээр блог нээж (http://khairosh.bblog.mn) бас янз бүрийн юм бичдэг байлаа. Харамсалтай нь банжигийн сервэр нь байн байн унтарч, ажиллахаа байчдаг болохоор ийшээ шилжихээр шийдлээ.
За ингээд өөрөө өөртөө амжилт хүсье, үзэж байгаа танд ч бас! :)


Компьютер, програм хангамжийн чиглэлээр бие даалт, курсын ажил хийнэ. Үүнд: Алгоритм, С/С++, Pascal, Java, C#, MySQL, ASP.NET, Гар утасны програм